Tuesday, November 29, 2011

Юу бидний тархийг угаачихав?

“Лос Анжелес Таймс” сонины Барбара Дэмик гэгч америк бүсгүйн “Атаархах зүйл үгүй” номны талаар addidea.blogspot.com хаягтай сэтгүүлч бүсгүй бичжээ. 38-р өргөрөг гэх бичлэгт энэ номны талаар эхний дүгнэлт нь “Нэг хойгт оршдог нэг үндэстэн яагаад хоёр хуваагдан үүрдийн дайсан болсон, тэнд ямар тоглоомын дүрэм үйлчилснээс нэг нь өнөөдөр дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэх гүрэн болж, нөгөө нь ертөнц дахины доог тохуу, дарангуйлал, өлсгөлөнгийн сонгодог жишээ болов гэдгийг сэтгүүлзүйн орчин үеийн төрөл non-fiction буюу баримтат утга зохиолын хэлбэрээр, нэлээд өөр өнцгөөс харуулсан байна” гэжээ. 

Энэ номноос нь дам ишлэвэл, “Иргэдээ төрсөн цагаас нь эхлэн тархийг нь угааж, бусад орнуудаас жаргалтай амьдарч байгаа, ямар ч атаархах зүйл үгүй гэж итгүүлнэ. Нэгдүгээр ангийн математикийн өгүүлбэртэй бодлогод “Найман хөвгүүн, есөн охин Ким Ир Сенийг магтсан сүлд дуулал дуулж байна. Нийт хэчнээн хүүхэд байна вэ” гэх буюу “Японы түрэмгийлэгчдийн эсрэг хийсэн дайны үеэр нэгэн охин эх оронч цэргүүдэд мэдээ дамжуулахаар явж байхдаа захидлаа таван алим хийсэн сагсанд нуун явжээ. Гэтэл цэрэг замд нь зогсоож, хоёр алимыг нь булаан авав. Тэгвэл сагсанд нь хэдэн алим үлдэх вэ?” гэх жишээний. 
Үнэхээр инээд хүрмээр байгаа биз. Гэвч, үнэндээ энэ бол инээдэм биш эмгэнэл. Дахиад л “гэвч” гэдэг үг ашиглая. ГЭВЧ, үүнээс ч инээдтэй, эмгэнэлтэй байдал бидний үеийнхэнд, дүү нарт маань ч байна. 

Тархи угаадаг нийгэмд амьдраагүй хэрнээ...Үнэнээ яг л нэг зүйлд тархиа угаалгаад байгаа мэт. Ерөнхий мэдлэг гэх зүйл залууст байхгүй болсныг олон ч удаа сонсов. Хэн бүхний мэддэг зүйлс залуусын хувьд “хэн наадахыг чинь мэддэг юм” болж хувирав. Залууст хэлдэг зөвлөгөө “Ном унш” гэх болов. Харин үүнийх нь хариулт “Надад ямар хэрэгтэй юм” болов. 

Телевизээр гарах "АХА", "Саятан болохыг хүсвэл" зэрэг нэвтрүүлгүүд нь “Хөгжилтэй” цэнгээнтэй биш “Хөгжих ёстойг сануулсан” нэвтрүүлэг гэдгийг хүлээн зөвшөөрөх л хэрэгтэй болж. 50 саяыг өвөртлөх хүсэлдээ хөтлөгдөөд ирсэн ч эхний асуултад нь үсрэгчид хэт олон болсон тул арга ядахдаа нэвтрүүлгийнхэн арван асуултад урьдчилан хариулах арга бодож байх вэ дээ. 

Мэдлэг муутай нийгмээс сэтгэлгээ муутай нийгэмд шилждэг. Үүн дээр нь дөрөөлөн мухар сүсэг, бөө дүрстэн олширч, засал хийлгээд л ажил бүтэх, бор шувууны зураг хоймортоо залаад амьдрал дээшлэх үлгэрүүд л амилна. Ийм л нийгэмд хамгийн боловсролгүй сонгогчид бий болж, “саналаа луйвардуулчхаад” сүүлд нь гомдоллодог. 

“Цагаан соёот”-ыг вампирын тухай ном л биз гэж төсөөлж байгаа хүн хэзээ ч Жек Лондоны зохиолуудын амьдралын төлөөх тэмцлийг олж харахгүй. Роман гэдгийг зүгээр л “аймаар зузаан ном” гэж бодож буй хүн хэзээ ч дэлхийн сонгод­гуудтай танилцахгүй. Үүний шалтгаан нь “завгүй”. Угтаа бол бидний нэлээдгүй хэсэг уншиж байж л сэтгэж, өрөвдөж, хайрлахыг ойлгосон. Харин интернэт хэсч хэрэгтэй, хэрэггүй мэдээллийг “хогийн сав”-ндаа /уур гэнэт хүрч бухимдсан тул “толгойдоо” гэдэг үгийг хэрэглэсэнгүй/ хийнэ. Facebook-ээс бичлэг, зураг үзэж “лайке” дарна. Телевизийн сериалаас “хүн чанар”-ыг хайна. Үүндээ цаг гаргана. 

Би асууя, залуус аа. Та нарын амьдралын нэлээдгүй цагийг булааж буй энэ бүхэн чинь баян байхаас илүү аз жаргалтай амьдрахын утга учрыг хэлж чадах уу, мэдлэг гэх зүйл мэдээлэл гэдгээс ялгаатайг харуулах уу, хэлбэрээс илүү агуулга чухал гэдгийг ойлгуулах уу. Би л лав эргэлзэж байна. 

“Чамд бидний юу хийх нь хамаагүй” гэж хэлэх эрх бий, залуус минь. Гэхдээ л дансандаа хэдэн төгрөг хийхээ ч бичиж чадахгүй багшийн сургуулийн төгсөх курсийн оюутан байна. Зах зээлийн эдийн засагтай гэдгээ ойлгоогүй эдийн засагч, Жорж Ориуелийн “Амьтны ферм”-ийг уншаагүй улс төр судлалын улаан дипломтонгууд олширчээ. Бетховен бол нохойны нэр, Микеланжело бол компьютерийн вирус гээд зогсож байх залуус олон байна. Тэд чинь миний хүүхдэд хичээл заана шүү дээ, ээ бүү үзэгд... 

Б.ЭНХМАНДАХ 

"Ардын эрх" сонин

Monday, November 28, 2011

Мөрөөдхөд мөнгө төлөхгүй.

2070 оны 3 сарын 13. CNN мэдээ: Өнөөдөр Монголд дэлхийн хамгийн өндөр цамхагийн нээлт болох гэж байна. Энэ нь тус улсад удахгүй болох олимпийн арга хэмжээнд зориулагдсан гэнэ. Уг арга хэмжээнд АНУ, Япон, БНХАУ, Франц, Герман, ОХУ зэрэг томоохон улсуудын ерөнхийлөгч оролцох юм. Арга хэмжээний далимд эдгээр ерөнхийлөгч Монгол улсын ерөнхийлөгчид бараалхаж хамтарч ажиллах, өөрсдийн улсуудад хөрөнгө оруулалт хийхийг хүсэх, зээл тусламж авах талаар хэлэцээр хийнэ. Монгол орон сүүлийн 60-аад жилд үсрэнгүй хөгжсөн түүх нь их сонин юм. Одоогоос 60-аад жилийн өмнө 2009 онд Монгол улс маш ядуу орон байсан бөгөөд тэр үед Таван толгой, Оюу толгой гэж 2 ордоо гадныханд алдах шахсан түүхтэй улс. Гэхдээ ухаалаг эрх баригчид гадныхантай хамтрахаас эрс татгалзан дан ганцаар эзэмшин, ОУВС-ийн зээлээр уул уурхайн механизм авч, бүх хөдөлмөрийн насны ажилгүйчүүдээ сурган ажлаар 100% хангаж бага багаар олборлолтоо нэмэгдүүлж өөрсдийн тэргүүлэх туршлагыг дэлхий нийтэд таниулсан агуу ард түмэн юмаа. Монгол хүний зохион бүтээх шинийг эрэлхийлэх, аливааг хялбарчлах арга эрт дээр үеэс түүхтэй. Олборлосон ашгаараа уул уурхайгаа шат шатаар нэмэгдүүлсээр БНСУ, Австрали, АНУ, ОХУ-аас гэрээт ажилчид ажилуулсанар олборлолт улам нэмэгдсэн. БНСУ-аас Монголд ажиллах визний ярилцлагад оролцогсодын тоо өнөөг хир нь буухгүй л байна. Аргагүй дээ хэдийгээр тэдний авах цалин Монголчуудад бага мэт санагдах боловч тэдний хувьд маш их мөнгө юм. Монгол улсад цагаачлaгчдын тоо өдөр бүр нэмэгдсээр л байна. Монгол улсад суугаа элчин сайдуудын уулзалт болж виз олгох тал дээр арай нааштай хандаачээ гэсэн хүсэлт удаа дараа тавиад байна. Монгол улсад амьдрах хөх картны (bluecard) сугалаа интэрнэтийн сайт бүрт тавигдаж Монгол хэлний курст суугсдын тоо сүүлийн 10 жилд 4 дахин өслөө. Хараар амьдарч байгаа хун бүрт 2000 төгрөг өгч нутагт нь үнэгүй буцааж байгаа бөгөөд 1 төгрөг нь 10 орчим доллартай тэнцдэг гэнэ. Монгол улсын иргэд нь дээд зэргийн соёлтой гэмт хэрэг маш бага гардаг, 1 хүнд ногдох спиpтийн төрлийн ундаагаар дэлхийд хамгийн багад тооцогдох болсон. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, ДНБ, ҮНБ, ҮО, зэрэг үзүүлэлтээр тэргүүлж эхэллээ. Цалин өндөртэй болохоор хахуульд ер автахаа болисон ганц орон юм. Гэхдээ хууль маш чангатай, хуулиа хүн бүр сайн мэддэг болохоор зөрчих явдал гараад байдаггүй. Дэлхийн томоохон бизнэсменүүд Монголын банкуудад мөнгөө хадгалуулсаар, Швецарийн банкууд дампуурахын ирмэгт тулаад байна.